- байгаль орчинд хортой,
- байгаль орчинд ээлтэй
гэсэн 2 эсрэг тэсрэг ойлголт яваад байдаг. Тэгвэл ямар учраас байгаль орчинд ээлтэй, ямар учраас хортой гэж үздэг болохыг нь тайлбарлая.
Нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг аливаа технологийг өнөөдөр байгаль орчинд хортой хэмээн үзэж хориглож байна. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хий ихэссэнээр хүрээлэн буй орчинд хортой төрөл бүрийн нөлөөг шууд үзүүлдэг. Үүний хамгийн тод нөлөө нь хүрээлэн буй орчны уур амьсгалын дулаарал болно.
Үйлдвэржүүлэлтийн хувьсгал эхэлснээс хойш 2005 он хүртэл 100 гаруй жилийн дотор хүрээлэн буй орчны температур 0,7 градусаар нэмэгдсэн ба энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай. Энэ бол хамгийн том нөлөөлөл болно. Тэр тусмаа хойд туйлын агаарын хэм дэлхийн дундаж өсөлттэй харьцуулахад 2 дахин хурдтайгаар нэмэгдэж байгаа. Үүний улмаас хойд туйл дахь мөсний хэмжээ 10 жилд 2,1-3,3%-иар багасаж байна. Хойд туйлын мөс хайлснаас болж далайн усны төвшин нэмэгдэж буй явдал нь далайн эрэг хавийн улсуудад ноцтой асуудлыг үүсгээд байна.
Дэлхийн дулаарал нь зөвхөн далайн эргийн улсуудад нөлөөлдөг гэсэн буруу ойлголтоос болоод түүний хор хөнөөлийг дутуу үнэлэх явдал бий. Дэлхийн дулаарал бүх улсад хамаатай. Үүнээс болж хохирохгүй нэг ч улс дэлхийд байхгүй. Учир нь үүнээс болж уур амьсгалд өөрчлөгдөж байна. Илүү их цас унаж илүү өргөн нутаг хамарсан зуд болж, илүү олон хоног хүчтэй нар шарж ган болж, илүү хүчтэй усан бороо орж үер усны аюулд нэрвэгдэж, илүү ихээр цөлжилт хурдтай явагдаж, илүү хүчтэй хуй салхи дэгдэж эвдэн сүйтрэх болно. Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын энэ өөрчлөлтийг хэр хохиролтой байсан ч дасан зохицож даван туулах, эсвэл үүний эсрэг тэмцэх сонголтын өмнө хүн төрөлхтөн ирсэн болно.
Дэлхийн дулаарлын гол шалтгаан болоод буй нүүрстөрөгч ялгаруулдаг бүх технологи байгаль орчинд хортой хэмээн тооцогдож буй бол харин нүүрстөрөгч ялгаруулдаггүй бүх технологиудыг байгаль орчинд ээлтэй хэмээн үзэж дэмжиж байна. Атомын цахилгаан станц нь нүүрстөрөгчийн хийг ялгаруулдаггүй тул байгаль орчинд ээлтэй энергийн үндсэн сурвалжаар нэрлэгдээд байгаа билээ. Яагаад цахилгаан станцуудын асуудлыг хөндөн ярьсан гэхээр нүүрстөрөгчийн хийн 30 орчим хувийг цахилгаан станцууд дангаараа үйлдвэрлэж байгаа буюу нүүрстөрөгчийг хамгийн ихээр үйлдвэрлэж, байгаль орчны дулааралд хамгийн ихээр нөлөө үзүүлж буй салбар бол эрчим хүчний салбар, тэр дундаа цахилгаан станцууд болоод байна.
Атомын цахилгаан станц нь нүүрстөрөгчийн хийг ялгаруулдаггүй тул нүүрстөрөгчийн хийг ялгаруулдаг хуучин цахилгаан станцуудыг атомын цахилгаан станцаар солих асуудал эрчимжиж, үүнийг улс орнуудын төр засгууд бодлогоо болгон дэмжиж эхэллээ. Иймээс байгаль орчинд ээлтэй энергийн эх үүсгэвэрт атомын цахилгаан станцыг дэмжих бодлого үндсэндээ хэвээрээ байна. Гэсэн хэдий атомын цахилгаан станцад ураныг түлшинд хэрэглэж буй явдал нь асуудлыг дагуулсаар байна.
Атомын цахилгаан станц нь өөрөө байгаль орчинд ээлтэй технологи боловч цацраг идэвхт ураныг түлшинд ашиглаж буй явдал нь дээд зэргийн аюулгүй байдлыг сахин ажиллах ёстойг анхааруулдаг.
Уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж буй тул дорвитой өөрчлөлт хийх ёстойг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч 2015 онд Парисын чуулга уулзалтаар дэлхийн бүх улсууд ойрын 20 жилдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж заавал дагаж мөрдөх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийг баталсан. Ингээд zero carbon zero poverty буюу тэг нүүрстөрөгч, тэг ядуурал гэсэн уриаг дэвшүүлсэн болно.
Ингээд Францыг загвар орон гэж зарласан. Учир нь Франц өнөөдөр нүүрстөрөгч ялгаруулдаггүй энергийн эх үүсгэвэр болох атомын цахилгаан станц, салхин болон усан цахилгаан станц, нарны цахилгаан станцууд ашиглан энергийнхээ 90%-ийг үйлдвэрлэж байна. 2016 он гэхэд уг баримт бичгийг даган мөрдөхөө дэлхийн 174 улс хүлээн зөвшөөрөн нэгдээд байгаа болно.
Уг баримт бичгээр дэлхийн дулаарлыг 1,5 градусаар хязгаарлахыг зорилт болгосон ба үүнд хүрэхийн тулд 2030-50 он гэхэд нүүрстөрөгчийн хийг ялгаруулах явцыг тэг хүртэл багасгах шаардлага тулгараад байгаа билээ.
2011 онд Фукушимад болсон осол нь цөмийн эрчим хүчийг хэрэглэх талаар олон нийтэд эргэлзээ төрүүлсэн. Япон бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй тэргүүлэгч гүрний нэг боловч аюулгүй байдлын дүрэм журмуудыг хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй байгааг харууллаа. Уг ослын улмаас цөмийн эрчим хүч болон хүрээлэн буй орчинд учруулж болох эрсдэлийг ялгаж салган дахин үнэлэх шаардлага гарсан.
Германы канцлер Анжела Меркель цөмийн эрчим хүчийг ашиглахаас татгалзах санаачилга гаргасан. Францад эрчим хүчний үйлдвэрлэлийн дийлэнх хэсгийг атомын цахилгаан станцууд хангаж байгаа тул ард иргэд нь ямар нэгэн санаатай террорист халдлага болохоос эмээж байна. Тэгвэл хүрээлэн буй орчны дулаарлыг 1,5 градусаас хэтрүүлэхгүй байлгахын тулд нүүрстөрөгчгүй технологийг нэвтрүүлж эрчим хүчний хэрэглээг хангах зорилтыг цөмийн эрчим хүчгүйгээр хийж чадах уу гэсэн асуулт гарч ирлээ.
2030 он гэхэд дэлхий нийтээр эрчим хүчний хэрэглээ 25%-иар нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна. Одоогоор хэрэглэж буй эрчим хүчний 68%-ийг нүүрстөрөгч ялгаруулдаг технологи ашиглан гаргаж авч байна. Хэрэв 2040 он хүртэл шинээр ашиглалтад орж буй эрчим хүчний үүсгүүрүүдийг нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи ашиглаж гүйцэтгээд хуучин технологийг жилд 1,3%-иар хорогдуулахад 2040 онд гэхэд эрчим хүчний үүсгүүрийн 70%-ийг нүүрстөрөгчгүй технологи ашиглан үйлдвэрлэх боломжтой.
Гэвч учирч буй бэрхшээл нь шинээр ашиглалтад орох эрчим хүчний үүсгүүрийг нүүрстөрөгч ялгаруулдаггүй бусад эрчим хүчний эх үүсгэвэр болох сэргээгдэх эрчим хүчнээс дангаар нь хангах боломжгүй байгаа явдал юм. Өөрөөр бүх нутаг дэвсгэрээ нарны панелиар дүүргээд, салхин сэнсийг завсаргүй тавьж бусад технологийг ч 100% ашиглаад өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг бид хангаж чадахгүй. Иймээс бид тавьж буй зорилтдоо цөмийн эрчим хүчийг ашиглахгүйгээр хүрэх боломжгүй байна. Өөрөөр байгалийн хий, газрын тос, сэргээгдэх эрчим хүч нь цөмийн эрчим хүчтэй өрсөлдөхүйц хэмжээний нөлөөг үзүүлж чадахгүй байгаа буюу тэд нийлээд ч түүнийг орлохуйц эх үүсгэвэр болж чадахгүй байна. Иймээс хүлэмжийн хийг багасгах гэрээгээ баримтлахын тулд улс орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг шаардаж байна.
Үүнээс шалтгаалж ойрын жилүүдэд цөмийн эрчим хүчээр нийт эрчим хүчний 2/3-ийг хангах зорилт тавигдаж атомын цахилгаан станцуудын бүүм буюу тэсрэлт хийхээр төлөвлөгдөөд байна. Иймээс Европчууд цөмийн эрчим хүчийг хэрэглэх нь хортой гэсэн үзэл санаанаасаа ухарч цөмийн эрчим хүч нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх гол шийдэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд эхэллээ.
Цөмийн эрчим хүчний хувьд 2 асуудлыг шийдвэрлэх зайлшгүй асуудал тулгарсан. Нэгд нь атомын цахилгаан станц нь байгаль орчинд ээлтэй технологи боловч өндөр эрсдэл дагуулж байгаа. Тийм учраас түүний аюулгүй ажиллагааг хангах асуудал нэн тэргүүний чухал зорилт болоод байна. Нөгөө талаар шинээр атомын цахилгаан станцуудыг барьж байгуулах асуудлыг эдийн засгийн боломжийн хувьд нэгдсэн нэг горимоор шийдвэрлэх явдал.
Нэгдүгээр зорилтын хүрээнд атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах асуудал нь олон улсын хэмжээнд нэгдсэн нэг бодлогоор чиглүүлэгддэг тул түүнд хүрэх боломж байгаа. Бүх улс орнууд энэ хэм хэмжээг баримталбал Фукушима шиг осол гарахгүй байх боломж байсан. Тиймээс энэ нь олон улсын хэм хэмжээнд нэгдсэн журмаар баримталж буй дүрэм журам, стандартуудыг улс болгон мөрдөх ёстойг харуулдаг.
Цөмийн эрчим хүчийг ашигласнаар хүрч болох эрсдэл болон дэлхийн дулаарлын улмаас тохиох гамшгаас сэргийлэх 2-оос дэлхий нийт сонголт хийх цаг болжээ. Цөмийн эрчим хүчийг ашигласнаар хүрээлэн буй орчинд аюул учирсан, бохирдсон болон хүний амь нас эрстсэн тохиолдлуудыг 2007 онд Lancet-ээс бүртгэж бусад эх үүсгэвэртэй харьцуулсан судалгааг хийжээ.
Эхний судалгаа нь янз бүрийн энергийн эх үүсгүүрүүдээс болж хүрээлэн буй орчин бохирдож хүмүүсийг үхэлд хүргэсэн судалгаа.
Дараагийн судалгаа нь янз бүрийн энергийн эх үүсгүүрүүдийг ашиглах явцад гарсан ослын улмаас хүний амь нас эрстсэн судалгаа.
Харин энэ бол янз бүрийн энергийн эх үүсгүүрүүдийн нүүрстөрөгчийн хий ялгаруулж буйг харьцуулсан судалгаа
Дэлхийн хамгийн хөгжингүй улсууд одоо цөмийн эрчим хүчийг эргэлт буцалтгүйгээр сонгоод байна. Дэлхийн тэргүүлэгч 15 улс, эдгээрт Австрали, Герман, Итали орно, цөмийн эрчим хүчийг сонгож найдвартай ажиллагаатай технологийг бүтээхээр ажиллаж байна.
Хятад Энэтхэг улсууд цөмийн эрчим хүчийг ашиглах тал дээр хамгийн идэвх санаачилгатай ажиллаж байна. АНУ хуучин атомын цахилгаан станцуудад инновац хийн ажиллагааг нь сайжруулах, уртасгах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
ОХУ байгалийн хийг экспортлохын зэрэгцээ цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө эрчимжүүлж эхэллээ. Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Турк, Польш улсууд цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг боловсруулж байна. 2006-2015 оны хооронд 10 жилийн дотор 80 гаруй реакторыг барьсан бол дараагийн 10 жилд энэ тоо 2,5 дахин өсөх хандлагатай байна.
World Nuclear Association (WNA)-ийн мэдэгдсэнээр 2026 он хүртэл 173 улс атомын цахилгаан станц барих хөтөлбөр хэрэгжүүлж хэсэгчилсэн болон бүрэн санхүүжилт хийгдсэн болохыг зарласан.
Жич: Цөмийн урвалыг удирддагийг нь цөмийн реактор, удирддаггүйг нь атомын бөмбөг гэнэ. Атомын цахилгаан станц нь цөмийн урвалыг хяналтын савааны тусламжтайгаар удирддаг. Хяналтын савааг буулгаж урвалыг багасгаж, хяналтыг савааг сугалж урвалыг ихэсгэх замаар уур үүсгэгчийн ажиллагааг бүрэн удирддаг. Гэхдээ атомын цахилгаан станцууд дээр гарсан ихэнх том осол нь энэ хяналтын саваатай холбоотой үүссэн. Чернобылийн хувьд хяналтын савааг буулгаж урвалыг зогсоож чадаагүй бол Фукушимагийн хувьд хяналтын савааг буулгаж урвалыг зогсоосон ч нэгэнт хуримтлагдсан дулааныг зайлуулж чадаагүй учраас устөрөгчийн дэлбэрэлт болж түлшийг хайлуулсан.
Одоо БНХАУ-д баригдахаар төлөвлөгдөөд байгаа АР1000 реакторууд нь хяналтын саваагүй технологи бөгөөд одоогоор хамгийн аюулгүй удирдлагатай реактор буюу 4-р үеийн реактор гэж нэрлээд байгаа. 4-р үеийн реактор нь хяналтын саваа (control rod) ашиглахгүйгээр урвалыг удирддаг бөгөөд онцгой аюулгүй буюу эрсдэлгүй технологи хэмээн зарлагдаад байгаа болно.