Атомын гүн рүү нэвтрэх үедээ эрдэмтэд электрон нэг орбитоос нөгөө рүү гэнэт орохдоо хоорондох хоосон зайгаар нь дамжихгүй байгааг илрүүлэв. Юу ч үгүй хоосон газар бөөм гэнэт гарч ирээд гэнэт алга болж буйн хачирхалтай зүйл байлаа. Магадгүй хамгийн хачирхалтай зүйлс нь 1925 онд нээгдсэн Вольфанг Паулийн дэвшүүлсэн хасагч квантын магадлалгүйн зарчим юм. Атомын бүрдүүлэгч хэсэгт орж буй бөөмсийг маш хол зайд тусгаарласан ч нэг бөөм нь ямар үйлдэл хийж буйг нөгөө бөөм агшин зуур мэдэж чадаж байлаа. Яаж энэ боломжтой вэ? 1997 онд энэ феноменоныг Женевийн их сургуулийг эрдэмтэд баталсан юм. Тэд фотонуудыг хоёр эсрэг чиглэлд хоорондоо 7 миль зайд явуулсан байна. Ингээд хоорондоо 7 миль зайд холдсоны дараа нэг фотоныг нь оролдоход нөгөө фотон нь агшин зуур хариу үйлдэл үзүүлж байв.
Асуудал нэгэнт ийм төвшинд хүрэх үед нэгэн бага хурлын үеэр Нильс Бор шинэ онол маань солиотой юу гэдэгт биш, харин хангалттай солиотой байж чадаж байна уу гэдэгт л гол асуудал нь байна хэмээжээ.
Квант физикийг зөвөөр ойлгохын тулд түүнд өгсөн Копенхаген тайлбарыг авч үздэг. Үүний хамгийн алдартай нь Шредингерийн муур хэмээх жишээ юм. Бид бөөмсийг бүртгэх гэж оролдох бүрд тэр тодорхой байрлалд бөөм шигээр олддог. Гэвч бүртгэхээс бусад үед бөөмс нь бөөмлөг ба долгионлог хоёрдмол байдлаар оршиж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл бөөм хоёрдмол төлөвт орших боловч түүнийг мэдэрч бүртгэхийг оролдоход л тэр зөвхөн аль нэг байдлаараа мэдэгдэнэ. Аль нэг байдлаараа мэдэгдэж буйгаас нь болоод түүнийг долгион эсвэл бөөмлөг гэж үзэж болдоггүй. Энэ тайлбарыг 1927 онд Нильс Бор, Вернер Хайзенберг нарын боловсруулсан квант системийг ойлгох Копенгаген тайлбар гэнэ.
Шредингерийн муураас болж Копенгаген тайлбарт олон эрдэмтэд сэтгэл дундуур үлдсэн юм. Тэд арга буюу энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөн мэт харагдавч үнэндээ тун сэтгэл дундуур байлаа. Иймээс тэд квант системийг ойлгох өөр тайлбаруудын эрэлд гарав. Эдгээрээс хамгийн алдартай нь 1956 онд Америкийн физикч Хью Эвэрэтт III-ийн боловсруулсан “зэрэгцээ ертөнцүүд”-ийн тайлбар юм.
Квант үзэгдэл явагдах бүрд хэмжилтийн үр дүн бүрд харгалзаж ертөнц хуваагдан салж байдаг. Товчоор хэлье. Надад цай уух, уухгүй байх 2 сонголт байна. Энэ хоёр сонголт бие биеэс давамгай биш тул биелэх магадлал нь адилхан 50, 50 хувь. Гэвч би аль нэгийг нь сонгох ба сонгоогүй үлдсэн сонголт надтай зэрэгцээд хамт үлдэнэ. Үүнийг л зэрэгцээ ертөнц гээд байгаа юм. Стивэн Хокинг сохор номингийн нүхний онолоороо орчлон ертөнц өөртэйгөө төсөөтэй орчлон ертөнцийг тасралтгүйгээр төрүүлж байдаг гэсэн бол Линде эмх замбараагүй инфляцын онолоороо орчлон ертөнц өөрийгөө тасралтгүй хувилдаг гэснээр орчлон ертөнцийн овоолгыг үүсгэсэн байдаг.
Өөр нэг тайлбар нь”Зөрчилгүй түүхүүд” хэмээх тайлбар. Энэ тайлбарлахад нэлээд ярвигтай ч Эйнштейний баримталж байсан тайлбар. Энэ тайлбараар квант ертөнцийн үндэс нь магадлал бус шалтгаан юм. Би шалтгаантай болоод л цай уусан болохоос магадлалын улмаас цай уугаагүй юм шүү гэдэг тайлбар. Энэ тайлбараар квант ертөнц нь магадлалын бус шалтгаант зүй тогтолтой бөгөөд энэ шалтгаан нь бидний бодит ертөнцөд нуугдмал “шууд бус”-аар оршдог гэсэн тайлбар. Гэвч энэ тайлбар нь маш хэцүү математик загварчлалд хүргэдэг нэлээд ярвигтай эд. Өөрөөр хэлбэл Копенгаген тайлбар нь комплекс математикийн аргыг ашиглан /бодит биш тоог ашиглан/ долгионы функцийн хумигдалтаас зайлсхийдэг боловч янз бүрийн хувилбарууд болох түүхүүдэд магадлалыг харгалзуулдаг. Эдгээр түүхүүдээс эцэст нь аль нэг нь биелэх учиртай бөгөөд аль нь биелэхийг таамаглахыг хориглодог. Үүний оронд квант систем долгионы функцийн хумилтгүйгээр хэрхэн урган салаалахыг дүрсэлдэг.
Өөр нэгэн бараг шашинлаг тайлбар бий нь 1930-аад онд Унгарын математикч Жон вон Нейманны гаргасан орчлон ертөнц тэр чигтээ бүхнийг хамарсан универсал долгионы тэгшитгэлд захирагддаг гэсэн тайлбар. Гэхдээ энэ санаа явж явж өнөөдөр хамгийн ирээдүйтэй хэмээн нэрлэгдэх болсон утаслагийн онолыг гаргаж ирсэн болохыг харин мартаж болохгүй.