2020/05/20

102. Хятадууд атомын цахилгаан станц дээр тэргүүлэх үү?

2009 оны 3-р сард Хятад Америкийн Вэстингхаус компаниас цөмийн реактор 4-ийг авсан байна. Үүнийг 2-ыг нь Жэжян мужийн Саньмэньд, нөгөө 2-ыг нь Шаньдүн мужийн Хайянд суурилуулахаар болжээ. Мөн Чиншань Саньчи атомын цахилгаан станцыг Канадаас, Тяньвань атомын цахилгаан станцыг Оросуудаас тус тус нэмж авчээ.


Мөн Даяавань хэмээх Францын атомын цахилгаан станцын дараагийн хөтөлбөр болгон Америкийн Вэстингхаусын Эй Пи 1000 загварын цөмийн реакторыг аваад байна. Эй Пи 1000 бол Америкийн цөмийн технологийн хамгийн сүүлийн шилдэг технологи, тэрээр Америкийн төдийгүй дэлхийн хэмжээний шилдэг технологи, одоогоор үүнтэй өрсөлдөгч байхгүй, тэр ч бүү хэл америкчууд ч энэ технологио ашиглаж амжаагүй байгаа. Гэтэл үүнийг нь хятадууд америкчуудаас худалдан авахаар тохирчихсон.


Эй Пи 1000 загварыг Америкчууд 2009 онд баталсан байхад Хятадууд 2006 онд Вэстингхаустай тохиролцоонд хүрч Эй Пи 1000-ийг худалдан аваад 2009 оны 3-р сараас бариад эхэлчихсэн. АНУ-д батлагдаагүй байхад л Хятадууд худалдан аваад бариад эхэлчихсэн гэсэн үг. Өнөөдөр Эй Пи 1000 загварыг ашиглахаар АНУ-ын Өмнөд Каролин, Хойд Каролин, Жоржиа, Флорида зэрэг 7 муж хүлээж байгаа. Гэтэл уг технологийг Америкчууд магадлан шалгаж батлахаас өмнө Хятадууд шалгаад худалдан авах болчихсон болно.


Эй Пи 1000-гаас өмнө Хятадад 11 атомын цахилгаан станц байсан. 2007 оны 3-р сард Вэстингингхаусаас Эй Пи 1000-гаас гадна ахиад 4 реактор авахаар шийдчихсэн байдаг. Ингэснээр Хятад улс 2020 он гэхэд зөвхөн 40 сая кВт цахилгааныг атомын цахилгаан станцаас авахаар төлөвлөөд байна.


Олон улсын жишгээр тухайн улс 100% өөрийн атомын цахилгаан станцын жишигтэй болоход хагас зуун жил зарцуулдаг болохыг олон улсын эрчим хүчний байгууллагын тайлангаас үзэж болно. Тэгвэл Хятадууд 1994 онд Францын Даяавань атомын цахилгаан станцын 1-р реакторыг барьсны дараа 1997 оны 5-р сард Линао атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Ингээд энэ хоёр дээрээс олсон амжилтдаа тулгуурлан дотоодын СиПиАр-1000 гэсэн дотоодын брэндтэй болж Ляолин мужийн Хүняньхэгийн атомын цахилгаан станцад СиПиАр-1000 загварын 4 реакторыг ажиллуулж байна.


Гэвч Хятадад хэрэглэж буй ихэнх атомын цахилгаан станцууд нь 1-3 үеийн атомын цахилгаан станцууд байгаа. 1-3 үеийн атомын цахилгаан станцуудын нэг онцлог нь цөмийн гинжин урвалыг удирдахын тулд тохируулгын буюу хяналтын саваануудыг ашигладаг. Чернобылийн атомын цахилгаан станцын осол, Америкийн Тримайл арал дахь атомын цахилгаан станцын осол, Японы Фукушимагийн атомын цахилгаан станцын осол бүгд энэ тохируулгын буюу хяналтын саваатай холбоотой.


Өөрөөр хэлбэл 1-3 үеийн атомын цахилгаан станцууд нь хэт их халалт үүсэх тохиолдолд тохируулгын саваа буулган гинжин урвалыг багасгаснаар дулааныг барьдаг бөгөөд ослын үед энэхүү тохируулгын саваа нь гинжин урвалыг зогсоосон ч нэгэнт хуримтлагдсан дулааныг зайлуулж чадаагүйгээс реактор хэт халж түлшээ хайлуулах замаар осол гаргаж ирсэн.


4-р үеийн реакторууд нь (Эй Пи 1000 загвар үүнд багтана) тохируулгын саваа ашигладаггүйгээрээ онцлогтой. Өөрөөр 4-р үеийн реактор нь хийг ашиглан гинжин урвалыг зохицуулдаг болсон нь зөвхөн гинжин урвалыг зохицуулахаас гадна нэгэнт хуримтлагдаж үүссэн дулааныг давхар зохицуулж чаддаг болсон учраас хамгийн аюулгүй шилдэг технологи хэмээн нэрлээд байгаа.


Гэтэл 4-р үеийн реакторуудыг хятадууд зүгээр нэг Америкчуудаас худалдаж аваагүй бөгөөд нэлээд олон жилийн өмнөөс өөрсдөө судалж байжээ. 2002 онд “Атомын эрчим хүчний инженер, зураг төсөл” сэтгүүлд Хятадын Чинхуа их сургуульд “10 их наяд ваттын модуль загварын өндөр хэмийн хийг хөргөх цөмийн реактор” хэмээх судалгааны ажил нийтлэгдэж байсан байна.


Өндөр хэмийн хийг хөргөх цөмийн реактор гэсэн ухагдахууныг анх танилцуулсан гол хүмүүсийн нэг болох Лөү На уг реакторыг дэлхийд хамгийн анхны онцгой аюулгүй байдал нь баталгаажсан реактор хэмээн зарласан.


2004 оны 9-р сарын 30-нд дэлхийн хамгийн анхны модуль хэлбэрийн өндөр хэмийн хийг хөргөх цөмийн реакторын аюулгүй байдлыг Бээжинд туршсан байдаг. Уг туршилтын нэр нь “Тохируулах саваагүйгээр цөмийн реактор хөргөх үүргээ хадгалах эсэхийг турших” гэсэн нэртэй байв.


Юу болоод байна аа? Түүхэнд анх удаа ажиллаж байгаа реакторыг, дэлхийд тэргүүлэх хэмээн нэрлэж болох технологийг, тэр нь тэгээд маш удаан хугацааны судалгаагаар эзэмшдэг хамгийн хүнд хэлбэрийн технологийг хятадууд хийж туршлаа гэж үү?


Америкийн Конгрессын төлөөлөгчид, Америкийн Эрчим Хүчний Яамны сайд нар яаран сандран туршилтыг үзэхээр иржээ. Туршилтын үеэр нийт гучаад улсын мэргэжилтнүүд цугларч сонирхсон байна. Одоогоор 4 дэх үеийн цөмийн реакторын 6 загварыг атомын эрчим хүчний чуулга уулзалтаас хүлээн зөвшөөрөөд байна.


2009 оны 12-р сарын 28-нд Солонгосчууд Арабын Эмират улсад цөмийн реактор нийлүүлэх болжээ. Энэ нь 20,4 тэрбум долларын өртөгтэй дэлхийн хамгийн том цөмийн реакторын тендерийн төслүүдийн нэг байсан болно. Өмнөд Солонгос өмнө нь Арабын Эмиратад цөмийн 4 реактор худалдсан байжээ. Гэвч Солонгосчуудын багт Солонгосын эрчим хүчний нэгтгэл, Хьюндай барилгын компани, Самсунг, Дүсань хүнд аж үйлдвэрийн компаниас гадна Америкийн Вэстингхаус оржээ.


Америкийн Вэстингхаус гэж хэн бэ? Японы Тошибагийн удирдлага Вэстингхаусын хувьцааны 77%-ийг эзэмшдэг. Тэд ердөө л 5,4 тэрбум ам.доллароор Вэстингхаузын 77%-ийн эзэмшигч болж байжээ. Цөмийн реактор нийлүүлэгч өөр аваргууд болох Францын Аревад Японы Мицүбиши, Америкийн Женерал Электрикс нь Японы Хитачитай хамтран ажилладаг.