Гэвч энэ онолд нэг сул тал бий. Онолыг сайтар унших юм бол энэ онол нь биетийн хурдыг бага багаар ихэсгэх замаар гэрлийн хурдтай тэнцүү болтол нь нэмж чадахгүй гэдгийг л харуулдаг. Гэтэл фотон нейтрино зэрэг бөөмс нь бага багаар хурдаа нэмсээр гэрлийн хурдтай болоогүй, анхнаасаа л гэрлийн хурдтай байсан бөөмс. Уг онол нь электроны хурдыг нэмсээр байгаад гэрлийн хурд хүртэл түүнийг хурдлуулж чадахгүй гэдгийг л харуулна.
Гэрлийн хурднаас их хурдтай бөөмсийг физикт таксион хэмээн нэрлэхээр тогтжээ. Хэдийгээр одоогоор ийм бөөмс илрээгүй ч ийм бөөмс байдаггүй гэсэн үг биш. Харин байвал ямаршуухан шинж чанартай байх вэ гэдгийг таамаглана гэсэн үг.
Гэрлийн хурднаас их хурдтай бөөмс байх ёстой хэмээх өөр нэг шалтгаан нь гэрлийн хурд бидний хувьд л их болохоос сансар огторгуйн хувьд тийм ч их өндөр хурд биш, харин ч эсрэгээрээ орчлон ертөнцийн хувьд гэрлийн хурд нь өчүүхэн бага яст мэлхий мэт удаан болхи гэсэн үг.
Таксион хэзээ ч гэрлийн хурднаас бага хурдтай байхгүй бөгөөд яг л фотон нейтрино зэрэгтэй адилхан анх төрөхдөө л тийм хурдтай байсан гэсэн үг. 80-аад оны үед Я.П.Терлецкий бөөмсийн задрал, шингээлтийн үйл явцад гэрлээс их хурдтай бөөмс үүсэж, устаж алга болдог байж болохыг анзаарч эхэлснээр таксионы талаарх судалгаа эхэлжээ.
Бөөмсийг гэрлээс бага хурдтай бөөмсийн муж, гэрлээс их хурдтай бөөмсийн гэж хэмээн 2 мужид хуваана. Уг 2 мужийн бөөмс гэрлийн хурдаар хязгаарлагдах ба гэрлийн хурднаас бага хурдтай бөөмс гэрлийн хурдыг давж нөгөө муж уруу орж болохгүй, гэрлээс их хурдтай бөөмс хурдаа багасгаж мөн гэрлээс бага хурдтай бөөмсийн муж уруу нэвтэрч чадахгүй хэмээгээд энэ босгыг давахын тулд хязгааргүй энерги хэрэгтэй гэж саад тавьсан болно.
Таксионы хурд бол бөөмсийн хурдны толин тусгал юм. Таксион бөөмсийн замд саад таарвал тэр зүгээр хурдасна. Энерги зарцуулах тусмаа ердийн бөөмс удааширдаг бол таксион эсрэгээрээ хурдасна. Мянгуужин нэг удаа намгаас өөрийнхөө үснээс татаад гаргасан хэмээн өгүүлдэг. Ердийн бөөмсийн хувьд энэ боломжгүй ч таксионы хувьд харин ч энэ боломжтой. Яагаад гэвэл ердийн бөөм өөрийгөө хурдасгах авьяасгүй байхад таксион өөрөө өөрийгөө хурдасгадаг.
Нөгөө талаар гэрэл бүхнээс хурдтай байх зарчим зөвхөн вакуум дотор л биелдэг. Бусад орчинд гэрэл тархахдаа удааширдаг. Жишээ нь гэрэл шилэн дотор тархах бол хурд нь 1,5 дахин, усанд 1,3 дахин, шингэн хүхэрт устөрөгч дотор 2 дахин удааширдаг.
Гэрэл бодис дотор тархахдаа хурд нь удааширдаг учраас зарим бөөмс бодис дотор тархахдаа гэрлээс илүү хурдлах явдал тохиолддог. Гэрэл вакуум дотор тархахдаа л хамгийн хурдан болохоос бодис дундуур түүнийг гүйцэх бөөмс байдаг. Үүнийг П.И.Черенков нотолсон бөгөөд бөөмс бодис дундуур гэрлээс их хурдтай тархах үедээ цацруулдаг цацрагийг Черенковын цацраг хэмээн нэрлэдэг.
Таксионы хурд нь байнга гэрлийн хурднаас их учраас тэр Черенковын цацрагтай адилхан цацрагийг цацруулдаг байх ёстой. Үүний улмаас таксионы энерги багасах ба үүнийхээ хэрээр таксион улам хурдасдаг. Энэ бол таксионы бас нэг гажууд чанар, өөрөө өөрийгөө хурдасгадаг.
Гэрлээс бага хурдтай бөөмсийн хурдыг ихэсгэхэд түүний амьдрах хугацаа ихэсдэг. Энэ чанарыг нь ашиглаж маш хурдан амьдраад алга болдог бөөмсийн амьдрах хугацааг сунгадаг. Нөгөө талаар орон зайн хэмжээс бөөмсийн хөдөлгөөний чиглэл дагуу агшиж бөөмс шахагдсан гамбир мэт болно. Энэ гэхдээ гэрлийн хурдтай ойролцоо хурдны үед л ажиглагдана. Нисэж яваа онгоцны урт зогсож байсан үеийнхээсээ хүний үсийг мянга хуваасантай тэнцэх хэмжээгээр л агшсан байдаг бол хиймэл дагуулын тойрог замд оруулж буй пуужингийн агшилт ойролцоогоор нэг микрон байдаг. Пуужинг гэрлийн хурдны хагастай тэнцэх хурдтай хөдөлгөх үед түүний урт арваад метрээр агшина.
Харин таксионы хувьд хурдлах тусмаа сунана. Гэрлээс бага хурдтай бөөмсийн хурдыг гэрлийн хурдтай болгох үед түүний хэмжээ гамбир болтлоо шахагддаг бол таксион хязгааргүй болж сунана. Энэ үед түүний энерги, масс нь орон зайг нялгадаж нийтдээ тэг байна. Ямар ч энергигүй таксион траекторынхоо дагуу нялгадаж тархсан байна. Энэ бол таксионы бас нэг хачирхалтай чанар юм. Өөрөө өөрийгөө хурдасгахаас гадна бүхий л траекторынхоо дагуу нялгадаж хаана л бол хаана тааралдаж болно гэсэн үг.
Таксионоос болж нэгэн зөрчил үүсдэг нь үйл явдлын шалтгаан үр дагавар 2-ын байрлал солигдох явдал юм. Ураны атомаас цацруулсан таксионыг хүхрийн атом шингээж буйг нэг ажиглагч харсан бол өөр ажиглаж хүхрийн атомаас сугарч гарсан таксион ураны атомд шингээгдэж буйг харах болно. Бенжамин Баттоны хачирхалтай амьдрал киног санаарай.
Сударшаны энэ санаа хэдийгээр ойлгомжтой юм шиг боловч бодит байдалд хүндрэлтэй асуудлыг үүсгэсэн. Учир нь гэрлээс хурдтай ямар ч үйл явц гэрлийн хурд багатай орчноос салангид тусгаар явагдаж чаддаггүй. Гэрлээс их хурдаар явагдах үйл явцын улмаас цагийн зүүний чиглэл өөрчлөгдөж шалтгаан үр дагаврын байрыг солиход хүрдэг бөгөөд үнэндээ энэ нь манай ертөнцөд термодинамикийн 2-р хуулиар хоригдсон байдаг. Энэ нь аяга хагарсан л бол эргээд бүтэн болдоггүй гэсэн хуулийг зөрчихөд хүргэдэг.
Мөн энэ нь энерги болон импульс хадгалагдах хуулийг ч зөрчдөг болохыг Италийн физикчид олж тогтоожээ. Хэрэв таксион байх л юм бол мөнхийн хөдөлгүүр бүтээх асуудалгүй болно. Иймээс Италийн физикчид таксион манай ертөнцөд бодиттойгоор оршин байх боломжгүйг харуулжээ. Тэд таксион бий болдог л юм бол маш жижигхэн орон зайд үүсэж маш хурдан устдаг байх ёстой хэмээсэн юм. Тэгээд таксионыг маш бага мужид юу барьж тогтоогоод байгаад хариу өгсөн юм. Таксионы амьдрах хугацаа нь түүний хурд ихсэх тусам богиносдог учраас таксион бараг төрж гарангуутаа өөрийгөө устгадаг хэмээжээ. Маш бага орон зайн мужид маш багахан хугацааны агшинд л таксион үүсэх боломжтой ба тэр жижигхэн мужид цаг хугацаа ухарч явдаг хэмээсэн юм.