Хэрэв биет гэрлийн 4 метр-цагтай тэнцэх хугацаанд 5 метр замыг туулсан бол үүнд зарцуулсан хугацаа буюу орчлонгийн шугам нь сөрөг утгатай гарах болно. Өөрөөр хэлэх юм бол гэрлийн хурдтай харьцуулахад 5/4 хурдтай буюу гэрлээс хурдан хөдөлсөн гэсэн үг. Энэ цагийг хуурмаг цаг хэмээн нэрлэдэг бөгөөд маш удаан хугацаанд үүнийг математикийн арга заль хэмээн үзсээр ирсэн. Гэвч Эйнштейн бидэнд хуурмаг цаг хугацаа гэж байх ёстой харуулсан байгаа.
Дээрх зураглалыг одоо бөөмсийн хувьд буулгавал хэрхэн өөрчлөгдөхийг үзье. Ингэхдээ юуны өмнө Хайзенбергийн тодорхойгүйн зарчмыг санах ёстой. Бөөмсийн байршил болон хөдөлгөөнийг нэгэн зэрэг тогтоох боломжгүйг сана. Атомын цөмийг тойрон эргэлдэж буй электроны байрлал маш тодорхойгүй бөгөөд орон зайг нялгадаж бүрхсэн үүл мананцар байдалтайгаар л олдоно. Учир нь бид электрон яг атомын хаана байгааг мэдэх боломжгүй. Энэ нь гэрлийн хурдаар тархаж буй фотонд өөрт нь ч хамааралтай хэмээн Ричард Фэйнманн үзсэн байдаг. Гэрэл өөрөө /гэрлийн фотон/ 300000 км/с хурдыг тойрсон орчинд тархан хуваарилагдсан байх ёстой гэж тэр үзжээ. Ингэж гэрэл нь бидний хэлж заншсан 300000 км/с хурдны орчинд хэлбэлзэж байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл зарим нь энэ хурднаас ялимгүй илүү, зарим нь энэ хурднаас ялимгүй бага, гэхдээ л дундаж хурд нь алсын зайд авч үзвэл 300000 км/с гэж тооцож болно.
Фотон 4 метр замыг 4 метр-цаг хугацаанд туулах боловч түүний орчлонгийн шугам нь нялгагдаж тархсан хэлбэртэй байх болно. Тийм учраас л фотон холын зайд л 300000 км/с хурдаар нисэх боловч маш ойр зайд түүнээс бага, эсвэл их хурдаар нисэх боломжтой байх нь. Иймээс ойр зайд бүх юм тодорхойгүй болох ба энэ зай багасах тусам тодорхойгүй нялгагдсан байдал улам даамжирдаг байх нь.
Биднийг хүрээлэн буй орон зай – цаг хугацаа овон товон муруй тахир боловч бидэнд өө сэвгүй тэгшхэн мэт харагдана. Жижигсэх тусам өө сэвгүй гэж бодож байсан бүхэн өө сэвний үүр болж дуусдаг болохыг сохор номингийн нүх ч харуулдаг. Орчлон ертөнц хэзээ нэгэн цагт хязгааргүй жижигхэн байсан үе бий. Энэ нь их тэсрэлт болох тэр үед буюу орчлон ертөнц эхэлж бий болох агшинд орчлон ертөнц хязгааргүй жижигхэн байсан. Хязгааргүй жижигхэн үед орон зай – цаг хугацааны геометр хэмжээс хүчтэй гаждаг болохыг одоо нэгэнт мэдсэн байгаа. Маш хүчирхэг дуранбайгаар бидний тэгш гөлгөр гэж үздэг ямар ч зүйлийг хараад түүний орон зайн хэмжээс хүчтэй гажсан байгааг харж болно. Тэгвэл ийм хүчтэй гажилт орчлон ертөнц үүсэж байх тэр үед орчлон ертөнцөд өөрт нь тохиолдож байсан гэж үзэх болно.
Анх орчлон ертөнц үүсэж байхад түүний бүх хэмжээс тэг бас хоосон байсан. Гэвч тэг гэдэг маш нарийн хэмжээс. Энэ үед бүх орнууд /цахилгаан соронзон, гравитацын гээд/ тэгтэй тэнцүү байсан гэж үзнэ. Гэвч уг орнуудыг тэгээр илэрхийлэх боломжгүй учраас хов хоосон байх ч боломжгүй. Орон зай – цаг хугацаа хүчтэй мурийснаас энэхүү хоосон дотор асар их хос бөөмс төрж алга болж буцалж байв. Үүнээс буюу хоосноос үүсэж хоосонд алга болж буй бөөмсийн даргилсан байдлаас болж гравитацын асар хүчтэй хэлбэлзэл уг орныг өөрийг нь дагжин чичрүүлж байлаа.
Товчоор хэлэхэд орчлон ертөнц анх үүсэх тэр үед хоосон түүний бүхий л хэмжээс тэг байсан. Гэвч тэг биш, учир нь дунджаар л тэг болохоос энэ хоосон дотор хос бөөмс асар ихээр төрж хоосонд эргэн сарниж буцалж байв. Эдгээр бөөмсийн үүсгэсэн гравитацын нөлөөнөөс болж уг хоосон даргилан буцалж байлаа. Ийм хүчтэй гравитацын орон орон зай – цаг хугацааны муруйг өөртэйгөө адилхан өөрчилж байснаас болж орон зай – цаг хугацаа атирч мушгирч тэнийж овойж товойж хуйларч үйлээ үзэж байв, товчхондоо. Ийм эмх замбараагүй зүйлийн дотор орон зай – цаг хугацааны чиглэл ч гэж байсангүй, орон зай цаг хугацааг ч хооронд ялгах боломжгүй байлаа.
Хуурмаг цаг хугацааны ойлголт нь 4н хэмжээст орон зайг ургуулан бодох боломжийг олгодог бөгөөд 4н хэмжээст орон зайд цаг хугацаа нь бидний мэдэх хэлбэр төрхөөр оршдоггүй бөгөөд ийм орон зайд цаг хугацаа нь хязгааргүй үргэлжлэх гадаргууг үүсгэн өөрөө хуйлагдана. Гэхдээ хэрэв та 4 хэмжээст орон зайг тархиндаа ургуулан бодож чадаж байвал өөрийгөө зүгээр л хуурч байгаа явдал.
Өнөөдрийг хүртэл 4н хэмжээст орон зайг хэрхэн дүрслэхийг тогтоож чадаагүй л байна. Хэмжээ хязгаартай боловч гадарга нь төгсгөлгүй, зах хязгааргүй яг л манай дэлхий шиг, бөмбөг шиг. Ийм хэмжээ нь хязгаартай мөртлөө гадарга нь төгсгөлгүй, зах хязгааргүй орчлон ертөнц өөрөө орон зай – цаг хугацааны хэмжээс байж болох юм хэмээн Хокинг тооцож байгаа билээ. Цаг хугацаанд эхлэл төгсгөл гэж байхгүй, битүү гогцоорч эхлэл төгсгөлгүй битүү гадаргууг үүсгэсэн байж болох юм.
Дэлхийн бөмбөрцгийн гадаргыг бид бүгд сайн мэднэ, ямар утгаараа тодорхой хэмжээтэй, ямар утгаараа төгсгөлгүй гэдгийг ч ойлгоно. Харин орчлон ертөнцийн хувьд орон зай – цаг хугацаа төгсгөлтэй мөртлөө хязгааргүй гэдгийг хэрхэн ойлгох вэ? Үүнийг чухам юутай дүйцүүлж ойлгох вэ? Ухаарах гэж огт найдваргүй оролдохоор эхлэл нь юу байсныг хайсан нь дээр хэмээн Хокинг үзжээ. Орон зай – цаг хугацаа хязгааргүй, түүнд эхлэл төгсгөл гэж байхгүй, эд бүгд өөрөө өөртөө эргэн хумигдсан байна. Үүнийг Хокинг орчлон ертөнцийн хязгаар нь хязгааргүй, орчлон ертөнцөд эхлэл гэж үгүй, төгсгөл ч гэж үгүй. Тиймээс орчлон ертөнцөөс өмнө юу байсан гэдэг нь огт утга учиргүй зүйл юм гэжээ.
Орчлон-ертөнц нэлэнхүйдээ тэгшхэн, нэгэн жигд төрх байдлаас эхэлнэ. Орчлон ертөнц экспоненциалаар буюу инфляцаар өргөжин тэлэх үеийг дамжин өнгөрөхдөө хэмжээ нь олон дахин тэлсэн боловч нягт нь урьдынхаараа хадгалагдан үлджээ. Дараа нь орчлон ертөнц халж өнөөгийн хэмжээнд хүртэл тэлсэн байна. Тэлж байх явцдаа аажмаар хөрч эхэлжээ.
Бүхэл бүтнээр нь авч үзвэл орчлон жигд гайхалтай жигд, бүхий л чиглэлд нэгэн хэм төрхтэй байсан. Гэвч түүний жижиг хэсгүүд нь тийм ч жигд, гөлгөр байсангүй. Жижиг хэсгүүдэд гажилт гарч тэр нь яваандаа од гариг галактикууд болон хувирчээ. Томоор нь харах юм бол орчлон ертөнц жигдхэн гөлгөр, жижигсгээд харвал түүн дотор маш их гажилт байгааг харж болно. Тэр нь одод гаригууд галактикууд юм. Бидний амьдарч буй бодит цаг хугацааны хэмжээст бүх л юм орчлон ертөнцийн эхлэл шиг харагдаж санагдах болно. Яг л хар нүхний доторх сингуляр төрх оршин байгаа шигээр.
Хокинг, Жим Хартл нар 1983 онд орчлон-ертөнцийн дээрх загварыг танилцуулсан бөгөөд уг загварыг танилцуулахдаа Хокинг энэ бол таамаглал шүү гэдгийг онцолсон байгаа. Тэгээд орчлон-ертөнц үүссэн гэх хэллэг байх хэрэг байна уу, зүгээр л орчлон-ертөнц байсан гэвэл яасан юм бэ? хэмээн асуусан юм.