1974 онд Хокинг хар нүхэн дэх мэдээлэл устаж алга болдог хэмээн “ГРАВИТАЦЫН СҮЙРЛИЙН ҮЕД ФИЗИКИЙН ОНОЛ ГАЖНА” хэмээн илэрхий өдөж дуудсан өнгө аястай мэдэгдэл хийв. Гэвч 1976 онд “ГРАВИТАЦЫН СҮЙРЛИЙН ҮЕД УРЬДЧИЛСАН ТААМАГЛАЛ ГАЖНА” хэмээн арай аядуу мэдэгдэл гаргажээ. Ийнхүү хар нүхэн дэх биетийн талаарх бүрэн мэдээлэл устан алга болсноор физикийн хууль ноцтой зөрчигдөх талаар мэдэгдэл хийсэн нь олон жил үргэлжилсэн маргааны эхлэлийг тавьсан болно.
Анхны томоохон мэтгэлцээн 1981 онд Вернер Эрхардын байшинд болж өнгөрөв. Стивен Хокинг энэ мэтгэлцээний талаар миний ярьсан зүйлийг Леонард Сасскиндээс бусад нь ултай сайн ухаж ойлгосонгүй юу даа хэмээн харджээ. Учир нь хар нүхэнд мэдээлэл алдагдах болно хэмээн мэдэгдэх үед хамгийн их цочирдон хүлээн авсан хүн нь Сасскинд байлаа. Тэрээр “НАМАЙГ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙ ДАРАА ЛЕОНАРД САССКИНД Л ЖИГТЭЙХЭН ТАВГҮЙЦСЭН” хэмээн дурссан байдаг.
Сасскинд энэ тухай Эрхардын байшинд болсон цугларалт дээрх Хокингийн алдарт инээмсэглэл болох “СТИВЕНИЙ ЯРЗАЙЛТ”ыг хараад “ТА НАР НАДАД ИТГЭХГҮЙ БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ МИНИЙ ЗӨВ, МИНИЙ ЗӨВ ШҮҮ” хэмээн хэлэх шиг санагдсан хэмээн дурссан байдаг.
Голчоороо атомаас томгүй хар нүхнүүд байх магадлалтай тухай хэлэлцсэний дараа Кип Торн хэрэв энэ үнэн бол ийм хэмжээний хар нүхнүүд газар сайгүй оршиж мэдээллийг бит битээр нь хулгайлж байна хэмээн үзжээ.
ХАР НҮХНИЙ ЭРЭЛД: АНХНЫ БООЦОО
1964 онд Жон Уилэр анх удаа хар нүх гэсэн нэрийг физикт оруулж ирлээ. Тэр жил Москвагийн хэрэглээний математикийн институтийн эрдэмтэн Яков Зельдович, түүний шавь Октай Гусейнов нар тэр үед нээгдээд байсан хос оддын бүлэглэлийн жагсаалтыг шүүн үзэхдээ эдгээр дунд хар нүх байгаа эсэхийг хайсан болно. Хос оддын бүлэглэл нь 2 одноос тогтох бөгөөд яг л бүжиглэж буй хосууд мэт хамтдаа эргэлдэнэ. Зарим хос оддоос зөвхөн нэг нь харагдах ба түүний хөдөлгөөнийг ажиглах зуур өөр нэгэн харагдахгүй од байгааг мэдэж болдог. Гэвч тэр харагдахгүй байгаа од нь заавал хар нүх байх албагүй, харьцангуй хөрсөн цагаан одой, эсвэл нейтрон од ч байж болно. Одон орончид үзэгдэх гэрлийн мужид нэг од нь тод харагдаж, нөгөө нь харагдахгүй байвч харагдахгүй байгаа од нь маш хүчтэй рентген туяаг цацруулж байх учиртайг ойлгожээ. Хос оддын үл үзэгдэгч од уруу юмс татагдан унахдаа маш хүчтэй рентген туяаг цацруулах учиртай учраас үүнийг нь рентген туяаны детектороор ажиглах боломжтойг ухаарсан байна.
Сигнус Х-1 хос оддын бүлэглэлд огторгуйн дуранд тод харагддаг рентген туяа цацруулдаггүй од ба огторгуйн дуранд үзэгдэхгүй боловч маш хүчтэй рентген туяа цацруулдаг оддоос тогтох хосууд байгааг илрүүлсэн нь энэ хэсэгт хар нүхийг хайх санааг гаргасан байна. Энэхүү хос оддын бүлэглэл нь дэлхийгээс 6000 гэрлийн жилд орших ба дэлхийн 5-6 хоногийн дотор бие биеэ бүтэн тойрдог болно. Энэ хосоос цацруулж буй маш хүчтэй рентген туяа нь хар нүх эсвэл нейтрон од уруу биет унах үед үүсэх ёстой ба Сигнус Х-1 хос оддын цул масс нь нарнаас 3-7, магадгүй 16 дахин их байж мэднэ.
Сигнус Х-1 хос оддын цул массыг яг таг хэмжиж хэмжиж чадахгүй байснаас болж энэ хос дотор хар нүх байгаа эсэх нь тодорхойгүй байсан 1974 оны 12-р сард Хокинг Торн 2 анхны алдартай мөрийг тавьжээ. Сигнус Х-1 хос оддын дотор хар нүх байх магадлал 80%-тай гэж үзэж байсан бөгөөд хэрэв үнэхээр хар нүх байвал Торн мөрийгөө хожиж түүнд Хокинг Пентхауз сэтгүүлийн нэг жилийн захиалгын үнийг төлөх байв. Харин хар нүх биш бол Хокинг мөрийнд хожиж Торн Привэйт Айя сэтгүүлийн 4-н жилийн захиалгын үнийг Хокингт өгөхөөр болжээ. Хокинг хар нүх байхгүй гэсэн гайхмаар байр сууриас хандсан энэ мөрийгөө өөрийн итгэж найдаж байсан зүйл балран унах үед ядаж мөрийнд хожиж бооцоогоо авч үлдье дээ хэмээн тайлбарлажээ. Хокинг уг бооцооны гэрээнд гарын үсэгнийхээ оронд эрхий хуруугаа даран баталгаажуулсан болно.
УУРШИЖ АЛГА БОЛДОГ ХАР НҮХ БА ЛАПЛАС
Ирээдүйг урьдчилж таамаглах боломжтой эсэх маргааныг анх 18-19-р зууны заагт амьдарч байсан алдарт математикч Пьер Симон Лаплас гаргасан гэж үздэг. Тэрээр бүрэн мэдээллийг авснаар орчлон-ертөнцийн одоо, өнгөрсөн, ирээдүйг бүгдийг нь тооцоолон тодорхойлж чадна хэмээн үзжээ. Лапласын Наполеон Сангийн сайдаар томилж үнэхээр тэр математик загварчлалыг ашиглан нийгмийн асуудлыг урьдчилж таамаглахыг оролдсон удаатай.
1974 онд Хокинг хар нүх ууршиж алга болдог тухай, ингэж алга болох үед түүнд доторх бүх мэдээлэл алдагддаг тухай маш цочирдом мэдэгдэл хийсэн болно.
Хокингийн цацрагийн улмаас хар нүхний хэмжээ багасаж эцэстээ устаж үгүй болно. Хар нүхний цацаргалтаар хар нүхэн дотроос явагддаггүй хар нүхний хаяавч дээрээс явагддаг тул хар нүхэнд орсон мэдээлэл ууршиж алга болно. Ийнхүү Хокинг байгалийн хууль ноцтой зөрчигдөх тухай хэт огцом мэдэгдэл хийсэн болно.
Хэрэв номыг шатаасан ч түүний үнс үлдсэн бол түүнээс нь номыг эргүүлэн сэргээх боломжтой гэж үздэг. Гэвч үнс ч үлдэхгүй бол номыг эргүүлэн сэргээх битгий хэл ном байсан эсэхийг ч мэдэх боломжгүй болно. Хэрэв мэдээлэл алдагдах юм бол Лапласын таамаглал хүчингүй болж бидний ирээдүйг таамаглах боломж горьдолтгүй болно. Ийнхүү орчлон ертөнцөөс мэдээлэл алдагддаггүй хэмээх байгалийн хууль зөрчигдөх үү?
УДААХ БООЦОО БУЮУ БАЙГАЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГДӨХ ҮҮ ҮГҮЙ ЮУ?
1997 оны 2-р сарын 6-нд Калифорнийн Пасаден хотод нэгэн мөрий тавигдаж Стивен Хокинг мөн л эрхий хуруугаа дарж баталгаажуулжээ. Энэ удаагийн мөрийнд Стивен Хокинг, Кип Торн нар нэг тал болж Жон Прескиллтэй мөрий тавьсан билээ. Мөрийг сийрүүлбэл:
Мөрийцөгч Стивен Хокинг, Кип Торн нар хар нүхэнд унасан мэдээлэл хар нүх уурших үед бүрэн устаж алга болох ба энэ мэдээллийг дахин илрүүлэх боломжгүй гэдэгт итгэлтэй байна.
Мөрийцөгч Жон Прескилл, квантын гравитацын онолыг зөв зүйтэй хэрэглэж чадвал ууршиж буй хар нүхнээс мэдээллийг чөлөөлөх арга зам заавал байх ёстойд эргэлзэхгүй итгэж байна.
МЭДЭЭЛЭЛ АЛГА БОЛДОГГҮЙ ТАЛААРХ САССКИНДЫН ТААМАГЛАЛ
1994 онд Сасскинд хар нүхэн дэх мэдээлэл ууршиж алга болдоггүй хэмээн анхны няцаалтыг хийсэн юм.
Хар нүх уруу унах үед чухам юу тохиолдох вэ? Хар нүхэнд унаж буй хүнийг ажиглаж байхад тэрээр хар нүх рүү ойртох тусам хөдөлгөөн нь удааширч, бие нь хавтгайрч ирнэ. Яг хар нүхний үйл явдлын хаяавч дээр очоод уналт зогссон мэт санагдана. Өөрөөр хар нүхний гадна байгаа ажиглагч хар нүх рүү унаж байгааг харж чадахгүй бөгөөд хар нүх рүү унаж буй биет үйл явдлын хаяавч дээр хавтгайрч, хөдөлгөөн нь удааширсаар сүүлдээ зогсож үүрд мөнх зүүлттэй үлдэнэ. Харин хар нүхэнд унаж буй хүнд энэ бүх зүйл мэдэгдэхгүй.
Ингээд энэ 2 үйл явдлын аль нь жинхэнэ үнэн байх вэ гэдгийг Сасскинд учрыг нь олохоор оролджээ. Хар нүхэнд унаж буй биет хэв төрхөө алдалгүй тийшээ орох уу, эсвэл хавтгайрч хөдөлгөөн нь удааширсаар хар нүхний үйл явдлын хаяавч дээр хөдөлгөөн нь зогсож үүрд мөнх зүүлттэй үлдэх үү?
Сасскинд мэдээллийн энэ зөрүүтэй байдал нь нүдэнд илхэн мэт боловч анхааралтай ажиглах юм бол ямар ч зөрчилдөөнгүй болохыг мэдэж болно хэмээжээ. 1993 онд Утрэхтийн Герард-т Хоофт үүнийг “хэмжилт шилжих” хэмээн нэрлэсэн боловч Сасскинд үүнийг “голограф зарчим” хэмээн нэрлэсэн байна.
Хар нүхний гаднаас хар нүхэнд унаж буй хүн хавтгайрч, удааширсаар уналт нь зогсож зүүлттэй үлдэж байгаа мэт харагдаж буйн цаг хугацааны удаашралын л нөлөө юм. Сасскинд хэлэхдээ хар нүхэнд унаж буй юмс гаднаас нь харахад хар нүхний хаяавчинд тээглээд зогсчихсон мэт харагдана. Ингээд “ХАР НҮХ БОЛ ТҮҮНИЙ ҮЙЛ ЯВДЛЫН ХАЯАВЧ ДЭЭРХ ХАВТГАЙРЧ ЭЛДЭГДСЭН МАТЕРИЙН ОВООЛГО” хэмээн Сасскинд хариу инээмсэглэл илгээжээ.
Эндээс хар нүхэнд унасан бүх юмсын мэдээлэл түүний үйл явдлын хаяавч дээр хуримтлагддаг гэсэн ойлгож болно. Ингэснээр бүх мэдээ мэдээлэл хар нүхний үйл явдлын хаяавч дээр хуримтлагдаж, юу ч алга болдоггүй ба эцэстээ хар нүхний хаяавч дээрээс эргээд орон зайд цацран тархдаг гэж үзсэн байна.
Ингээд Сасскинд ажиглагчийн байр суурин дээрээс харахад хар нүхэнд юу ч унадаггүй бөгөөд түүний үйл хаяавч дээр хуримтлагдаж, эргээд орон зайд тархдаг гэсэн байна. Гэвч Сасскиндын тайлбарыг Стивэн Хокинг гүйцэт ч сонсолгүй, лекцийн дундуур танхимыг орхин гарснаар ямар нэгэн мэтгэлцээн болсонгүй. Ингээд Сасскиндын зөв эсэх тодорхойгүй үлдэж, түүний зөв эсэхийг математикч нар л тооцоолж харуулан эцсийн шийдийг тавих болно хэмээн үзсэн юм.
ДАЙН ДУУСЛАА, МАКАРЕНА – МАЛЬДАСЕН
2003 онд Принстон ирээдүйд чиглэсэн зорилтот судалгааны дээд сургуулийн Аргентины залуу физикч Хуан Мартин Мальдасен мэдээллийн гаж үзэгдлийн талаарх Сасскиндын таамаглалыг математик гаргалгаагаар баталгаажуулснаа зарлажээ. Санта-Барбарад болсон эрдэм шинжилгээний бага хурлын цайны цагаар 90-ээд онд латин Америкийн орнуудад өргөн тархсан “МАКАРЕНА” дууны аяыг тавьж дууны МАКАРЕНА хэмээх үгийг МАЛЬДАСЕН хэмээх үгээр орлуулан дуулж бүжиглэн уг баярыг тэмдэглэжээ.
Сасскинд эртнээс улбаатай ужиг дайн төгссөнийг зарлаж, энэ дайныг аль эрт дуусгах байсан юм, гэвч зөрүүд Хокинг үүний эсрэг байсан хэмээн мэдэгджээ. Ихэнх хүмүүс Хокинг алдаж боджээ хэмээн тэр үед бодсон юм. Гэвч бүгдийн бодсон шиг Хокингт буун өгөх өчүүхэн ч бодол байсангүй. Хокинг өөрийн шавь Галифарт Мальдасены тооцооллыг шалгахыг даалгав. Гэвч Галифар бүтэн хагас жил оролдоод тооцоог шалгаж барсангүй.
ЗӨРҮҮД ХОКИНГИЙН БАС НЭГ ЯРЗАЙЛТ
2004 оны хавар Кембриджид болсон семинар дээр Хокинг хүрэлцэн ирэх үед бүгд түүний үгийг амьсгаа даран хүлээв. Тэрээр Сасскинд, Мальдасен нарын зөв хэмээн хүлээн зөвшөөрч бууж өгөх болов уу, ер нь яах бол хэмээн догдолж байлаа.
Хурлыг нээн Петрос Флоридис үг хэлэхдээ ямар ч мэдээлэл гэрлийн хурдаар тархах учиргүй, гэвч Хокинг бага хуралд оролцох мэдээ гэрлийн хурдаас хурдан тархжээ хэмээн гэв.
Хокингийн бага хурал дээр хэлсэн үгийг товчлон буулгая.
1960-аад оны дундаас мэдээллийн гаж үзэгдлийн талаар мэтгэлцээн эхэлсэн түүхтэй. Хар нүхэнд юмс унах үед түүний масс, унасан өнцөг, цахилгаан цэнэг 3-аас бусад мэдээлэл оргүй алга болдог хэмээн нотолсноос эхтэй. Жон Уилер “ХАР НҮХ ҮСГҮЙ БАЙДАГ” хэмээн хошигносноос болж энэхүү таамгийг хар нүх үсгүйн тухай теорем ч гэж нэрлэх болсон.
Гэхдээ үүнээс болж мэдээллийн гаж үзэгдэл үүссэн биш. Жинхэнэ хар нүх үүрд мөнх орших учраас түүнд унасан биетийн мэдээллийг авч чадахгүй ч тэр мэдээлэл хар нүх дотор хэвийн хадгалагдана. Ийнхүү мэдээлэл хэвийн хадгалагдаж үлдэх боломжтой байсан ч Хокингийн нээлттэй хамт асуудал үүссэн. Хар нүхнээс байнга цацраг үүсэж байдаг бөгөөд үүнийг Хокингийн цацраг гэнэ. Энэхүү цацраг өөртөө хар нүхийг үүсгэсэн ямар нэг материйн тухай болон хожим хар нүхэнд унасан материйн талаарх мэдээг агуулдаггүй. Энд нэг их асуудал байхгүй ч энэ цацрагийн нөлөөгөөр хар нүх ууршиж үгүй болдог.
Энэ нөхцөлд хар нүхэнд түгжигдэж үлдсэн мэдээлэл юу болох вэ? магадгүй мэдээллийг авч үлдэх цорын ганц арга нь Хокингийн цацрагт бага зэрэг хазайлт үүсэж мэдээлэл Хокингийн цацрагаар алдагдаж болох ч тийм хазайлт үүсэх боломжийг нэг ч эрдэмтэн батлаагүй байна.
Хан нүхнээс нялх ертөнц төрөх замаар мэдээлэл дамжигддаг гэсэн санааг мөн л Хокинг тасалж орхив. Тэрээр “хар нүхэн дотор нялх ертөнц үүсэн төрдөг хэмээн би өмнө нь бодож байсан маань алдаатай зүйл байжээ, нялх ертөнц үүсэж төрдөггүй юм байна. Мэдээлэл манай орчлон-ертөнц дотор хадгалагдаж үлддэг байна. Нэгэнт мэдээлэл манай орчлон-ертөнцөд хадгалагдаж үлддэг учраас өөр орчлон-ертөнц рүү хар нүхийг ашиглан аялах боломжгүй, үүнээс болж шинжлэх ухааны зөгнөлт зохиолч нарыг гомдооход хүргэх болов уу. Хэрэв хар нүх рүү харайгаад орчихвол масс, эрчим хүч нь орчлон ертөнцөд үлдэж хоцрох ба хэв хэлбэр нь ихэд гажиж өөрчлөгдсөн л байх болно. Тиймээс түүнийг эргүүлэн таних аргагүй болтлоо өөрчлөгдсөн байх болно“
Галифар хожим нь “Хокингийн илтгэл танхим дүүрэн суусан эрдэмтдийн олонхыг цочроож, гүн бодолд оруулсан. “Их л өндрөөс зуурч байна даа, математик нь тааруухан юм, ердөө илбэддэг шив дээ” хэмээн шивнэлдэх нь сонсогдож байлаа” гэжээ.
Кип Торн “Өнгөц харахад энэ таамаглал сэтгэл татахуйц дэгжин юм. Гэхдээ зөв бурууг хэлэх эрт байна. Надад сууж нухах цаг хугацаа хэрэгтэй, түүний дараа Хокингтай санаа нийлэх эсэхээ шийднэ” гэсэн бол Рожэр Пенроуз “Надад лав Хокингийн хар нүхэнд унасан мэдээлэл оргүй арилдаг гэсэн анхны санаа нь зөв мэт санагдсан. Энд Дублинд тэр өөрийн санаанаасаа татгалзлаа. Тэр байр сууринаасаа ухрах нь буруу. Харин ч урьдын тэр санаагаа лавшруулан хамгаалах байсан юм” гэжээ.
Энэ мэдэгдлийнхээ дараа Стивен Хокинг Жон Прескиллд мөрийгөө алдсанаа хүлээн зөвшөөрч “Бэйсболын тухай бүрэн нэвтэрхий толь” гэсэн номыг Жонд илгээжээ. Харин Кип Торн хожигдлоо хүлээн зөвшөөрсөнгүй, тэрээр Хокингийн шинэ санааг судалж үзэхээ л амласан байна.